Масловын онолоор хүний хамгийн анхан шатны физиологийн хэрэгцээ болох хоол унд, хувцас хунар, орон гэр, нойр хангагдаагүй үед аз жаргалтай гэр бүл, амжилттай карьерын тухай бодох ч хэрэггүй ажээ.
Залуу гэр бүл бүрийн ухаан бодол, хүч чадал, тэсвэр тэвчээрийг шалгадаг зүйлсийн нэг нь өөрийн гэсэн орон гэртэй болох явдал. Өөрийн л гэр биш бол аав, ээж, хамаатан садныдаа амьдрах нь нэг л тухгүй. Арай тухтай төлбөрийн боломжоо хараад байр түрээсэлнэ. Түрээслэхийнхээ оронд өөрийн худалдаж авсан байрандаа амьдраад нэгэнт л төлж байгаа тэр мөнгөө зээлээ төлөхөд зарцуулж байвал хэчнээн аштай.
Орон гэртэй болоход хамгийн эхний гол алхам бол тогтсон ажилтай, орлоготой болох явдал. Харамсалтай нь ажилтай болох нь орон сууц авахад бэлэн болчихлоо гэсэн үг бас биш. Байрны зээл авахад урьдчилгаа төлбөр 20-30 хувь шаардах тул 100 сая төгрөгийн үнэтэй орон сууц авах гэж буй бол ядаж 20 сая төгрөгийн хуримтлал хэрэгтэй.
Энэ нийтлэлээр энэ 20 саяыг хэрхэн хуримтлуулах тухай аль болох амьдралд ойр зөвлөмжүүдийг танилцуулж байна. Мэдээж хэрхэн сугалаанд хожих, төр засгийн хишиг буянаар урьдчилгаагаа бий болгох тухай бус харин хүний хичээл зүтгэл, амьдралын хэв маяг, зан төлөв, дадлаас хамаарна.
1. Зардлаа хэмнэх
“Надад хэмнээд байх зүйл байхгүй дээ. Би угаасаа үрэлгэн хүн ч бас биш” гэсэн бодол таны толгойд төрж мэдэх л юм. Гэтэл өдөр тутмын зардлаа хөтлөөд, санхүүгээ хөтлөөд ирэхээр бүх л хүнд хэмнэлтийн бодитой боломжууд байдаг. Жишээ нь:
- Хүнсээ долоо хоног бүр бөөний үнээр авах;
- Хаягдал хоол унд гаргахгүй байх;
- Гадуур хооллолтоо багасгах;
- Байр, тог, СӨХ-ийн мөнгөө цагт нь төлснөөр алдангид орохгүй байх;
- Хоёрыг авбал гурав дах нь үнэгүй гэх мэт маркетингийн арга мэхүүдэд хууртагдан хэнд ч хэрэггүй дэмий худалдан авалтууд хийхгүй байх;
- Таксидахаа багасгаж, хэт хүйтэн л биш бол хааяа нэг алхах, гэх мэт.
100 хувь бүх зүйлийг хэмнэх хэрэгтэй гэж хэлэх гэсэнгүй. Зарим зардал хэмнэхэд хэцүү, зовлонтой, хэрүүл дагуулдаг мөртлөө үр дүн багатай байдаг. Сар бүрийн бодит орлого, зардлуудаа бүртгэн, шинжилж үзэх нь хаана хэмнэлтийн бодит боломжууд буйг олж харахад танд тусална.
Хэмнэлтийн горимын үед хосуудын уурлах, бухимдах, гомдох, гутрах, хэрэлдэх, маргалдах шалтаг, шалтгаанууд улам л ихэснэ. Энэ бүхнийг давж гарахад жижиг ч гэсэн ялалт, амжилтуудаа тэмдэглэх (хуримтлал 5 сая, 10 сая, 15 саяд хүрэх), хэмнэлтээ эерэг, сайн өөрчлөлтүүдтэй холбох (хэмнэлтээ далимдуулаад илүүдэл жинтэй бол турах, тамхинаас гарах, эрүүл амьдрал, хооллолт гэх мэт), шинэ сайхан орон сууцтай болох ирээдүйн хүсэл мөрөөдөл, төсөөллөө бие биетэйгээ хуваалцах, хэзээ зорилгодоо хүрэхийг хамтдаа тооцоолох гэх мэт жижиг зүйлсүүд урам зориг өгч тусалдаг.
Та сард 200,000 төгрөг хэмнэж чаддаг болчихвол жилд 2.4 саяыг хуримтлуулчихна гэсэн үг.
2. Санхүүгийн тооцоотой болох
Өрхийн орлого, зарлагаа сар бүр ангилан бүртгэн санхүүгийн тооцоо, шинжилгээтэй болоход ялангуяа эрчүүд дургүй байдаг. Нэгд ажил ихтэй үед “дайны хажуугаар дажин” болдог. Хоёрт жижиг сажиг зардлаа хүртэл бүртгээд байх нь нэг тийм данжаад шиг мэдрэмж төрүүлнэ. Дэвтэр дээр зардлын тооцоогоо бичдэг оюутан залууг ангийн банди нар нарийныг нь гайхаж шоолох жишээтэй.
Ийм сэтгэлгээний гацаа, түгжээг давах хэрэгтэй. Орчин үед орлого, зарлагаа тооцоход маш хялбар болсон. Энд дэвтэр хэрэггүй. Ухаалаг утасны төрөл бүрийн аппуудыг ашиглахад хялбар болсон. И баримтын апп дээр хүртэл худалдан авалтуудаа ангилах боломжтой.
Санхүүгийн тооцоололтой болох нь дээр дурдсанаар хэмнэлтийн боломжуудыг зөв олж харах, үр дүнгээ шинжлэх, ирээдүйгээ таамаглах зэрэгт тусална. Мөн мөнгөний орох, гарах урсгалаа зөв удирдсанаар таг мөнгөгүйдэх, хадгаламжид хийх боломжийг алдах зэргээс сэргийлнэ.
3. Хоёрдогч орлоготой болох
Хоёрдогч орлоготой байх үндсэн ажилдаа бага анхаар, орхигдуул гэсэн үг биш. “Уулын бугыг харж унасан бухаа” орхиод байж болохгүй. Дэлхий даяар хоёрдогч орлого гэдэг ойлголт сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй нь төрөл бүрийн инноваци, технологийн дэвшлүүдтэй холбоотой.
Жишээ нь “шэйрлэх эдийн засаг” хэмээх ойлголт интернет, ухаалаг утас, апп, үүлэн тооцоолол, хиймэл оюун, блокчейн гэх мэт технологийн дэвшлүүдэд суурилан бодит хэрэглээ болж байгаа. Америкт олон хүн ажлын хажуугаар Uber, Lyft-ээр тун дажгүй мөнгө олчихдог. Монголд харин Airbnb дээр байр хөлслүүлж болох юм. Энэ аппыг ашиглаад хүмүүс дэлхийн хаана ч байр хөлслөөд явдаг. “Өөртөө байртай болох гэж мөнгө хуримтлуулж яваа хүнд хөлслүүлэх байр байхгүй шүү дээ” гэсэн бодол төрж болох юм. Гэхдээ танай нагац эгчид бас авга ахад чинь, ажлын таньдаг эгчид тийм байр байж болно шүү дээ. Зун хотод жуулчин олон бол дотоодын түрээслэгчид багасчихдаг. Хэлтэй устай залуу хүн тул та Airbnb-ын учрыг олчхож чадна, харин танай нагац эгч чадахгүй байж мэднэ шүү дээ.
Таны мэргэжил, ур чадвар, хоббиноос хамааран хоёрдогч орлогын эх үүсвэр тань хувьцааны зах зээл, төсөл бичих, контент бүтээх, вэб сайт хийх гээд төрөл бүрийн бүтээлч зүйлс байх бүрэн боломжтой. Ялангуяа онлайнаар хийх боломжтой ажлууд нь цаг, байршлын хувьд уян хатан тул үндсэн ажилд саад болохгүй.
4. Үндсэн орлогоо ч бас өсгө
Ухаалаг удирдлагууд үр бүтээмжтэй сайн ажилтнууд, менежерүүддээ цалин, урамшуулал өгөхөөс татгалзаад байдаггүй. Өндөр бүтээмжтэй байх нь амаргүй ч бүрэн боломжтой. Танаас гол нь хамаарна. Байгууллагадаа хөгжил дэвшил, ахиуц ашиг, орлого авчрах боломжуудыг олж харж, ажил хэрэг болгож, бас үүнийгээ удирдлагадаа ойлгуулж, дэмжлэгийг нь авч чадах нь чухал.
Ихэнх ажилтнууд хөдөлмөрийн гэрээтэй байдаг бол та контрактын гэрээтэй болохыг зорих хэрэгтэй. Карьер ахих тусам таны жилийн орлогод үндсэн цалингийн эзлэх хувь багасна гэсэн хүлээлттэй байгаарай. Гүйцэтгэх захирлууд жилийн бонустай, тэр нь цалингаас нь өндөр байх нь элбэг. Гүйцэтгэл нь сайн, төлөвлөгөөндөө хүрч байвал шүү дээ.
Эдийн засаг жилд 5-10 хувь өсдөг. Ихэнх хүмүүсийн цалин, орлого бас ийм хурдаар өснө. Боломжийн сайн бизнесүүд жилийн 20% өсөлттэй. 20 хувийн өсөлт орлогыг дөрвөн жилд хоёр дахин өсгөнө. Муугүй байгаа биз. Гэхдээ та мэдлэг чадвартай, потенциалтай бөгөөд амбицтай бол жилийн 30 ба түүнээс дээш хувийн өсөлтийг зориорой.
5. Хадгаламжтай болох
Хугацаатай хадгаламжаас мөнгө авахад хүүгийн орлого алдах тул хуримтлал үүсгэхэд тохиромжтой. Банк орох, мөнгө шилжүүлэхээс хүн төвөгшөөдөг, мартдаг, хойшлуулдаг, тэр хооронд үрчихдэг тул тогтмол шилжүүлгийн үйлчилгээнүүд авах нь үр дүнтэй. Цалин орсны дараа тодорхой дүн автоматаар шилжинэ гэсэн үг.
Аливаа хуримтлал удаан хугацаанд бий болдог тул макро эдийн засгийн нөлөөллүүдийг тооцох нь зүйтэй. Ялангуяа үл хөдлөхийн үнэ, өртөгт эдийн засгийн хямрал, валютын ханшны өөрчлөлт шууд нөлөөлдөг. Валютын ханшны алдагдлаас сэргийлэхийн тулд хүү багатай ч гэсэн эрсдэл багатай тул хадгаламжийнхаа тодорхой хэсгийг хатуу валютаар хийж болох юм.
Хөрөнгийн зах зээлийн мэдлэгтэй бол хадгаламжийнхаа тодорхой хэсгийг хувьцаа, үнэт цаас, бонд, магадгүй крипто валютын хэлбэрээр байршуулах боломжтой. Гэхдээ ийм төрлийн санхүүгийн хэрэгслүүд банкны хадгаламжаас илүү өгөөжтэй байж чаддагийн хэрээр алдах эрсдэл илүү өндөр байдгийг анхаараарай.
6. “Авдраа” ч бас уудал
Хэмнэлт хийлээ, орлогоо нэмэгдүүллээ. Хадгаламжийн хүү ч бас нэмэртэй байна. 15 саяыг цуглуулчихлаа. Байр авахад аятайхан цаг үе байна. Үл хөдлөхийн үнэ цаашаа өсчих гээд байдаг, одоо яах вэ? Энэ үед аав ээжийн тус нэмэр, өвөө эмээгийн үлдээсэн хашаа байшин гээд янз бүрийн боломжуудаа хараарай.
Орон сууц үлдэц сайтай, ирээдүйд үнэ цэнэ нь өсдөг, гэр бүлийн амьдралд чухал нөлөөтэй худалдан авалт байдаг тул ах дүү, аав ээж, анд найзууд, ажил төрлөөс дэмжлэг авах боломж өндөр байдаг. Гадаадад сургуульд явах үед бүгд л чадах ядахаараа тусалдагтай адилхан. Бүр болохгүй бол удирдлагатайгаа ярилцаад үз. Бонусаа урьдчилж авъя, харин ажлаа маш сайн хийе, гялалзуулъя гээд амлаад үзэхэд лав урдаас загнахгүй дээ.
Эцэст нь хэлэхэд орон сууцны хуримтлалаа бий болгоход аливаа бүх л зүйлсийг адил алсын хараа, зорилготой байх, зорилгодоо хүрэхийн тулд өдөр бүр тодорхой алхмуудыг хийх, тогтвортой урагшлах нь чухал. Эзэн хичээхэд заяа бас хичээдэг шүү дээ.